Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Монгол инженерүүд уул, геологийн нэн хүнд нөхцөлд далайн түвшнээс дээш 2600-3100 метрийн өндөрт Асгатын мөнгөний орд руу хүрэх 2.6 км урт замыг өөрсдийн хүчээр барьж, ашиглалтад оруулжээ.
Уг зам нь Богдхан уулын ноён оргил Цэцээ гүнээс 332-832 метрээр өндөр уулын бүсэд тавигдсан бөгөөд мөнх цэвдэг, эгц хад асга бүхий хүнд нөхцөлд баригдсан байна. Замын хамгийн бага ухмал нь 18 метрийн гүнтэй, өргөн нь 4-11 метр бөгөөд нийт 20 гаруй огцом эргэлттэй аж.
Энэхүү бүтээн байгуулалт нь Асгатын мөнгөний ордын нэмэлт хайгуулын ажлыг сэргээх боломж бүрдүүлжээ. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК Асгатын ордын нөөцийг олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулах зорилгоор нэмэлт хайгуулын төслийг 2025 оны тавдугаар сард эхлүүлсэн байна.
Төслийн хүрээнд геологийн зураглал, гадаргын ил болон далд өрөмдлөгийн бэлтгэл ажил, суваг малталт, археологи, палеонтологийн судалгаа, далд нэвтрэлт зэрэг ажлыг хийж, нийт гүйцэтгэл 60 хувьд хүрсэн үед хайгуулын ажил саатаад байжээ.
Учир нь Асгатын ордод хүрэхийн тулд өндөр уулын нөхцөлөөс шалтгаалан ОХУ-ын хилээр нэвтэрч, ойролцоогоор 800 метр зам туулдаг байсан аж. Харин 2025 оны есдүгээр сарын 22-ноос тус хэсгээр хил хамгаалалтаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаар хайгуулын ажилд хүндрэл үүссэн байна.
Иймээс нэмэлт хайгуулын ажлыг дуусгах, цаашид ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах урт хугацааны хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрээр Асгатын ордод хүрэх зам тавихаар шийдвэрлэжээ.
Замын бүтээн байгуулалтын ажлыг “Билигт инженеринг” ХХК болон “Хавай инженеринг” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, 2026 оны долдугаар сард эхлүүлсэн ажлаа есдүгээр сарын дунд үе гэхэд бүрэн дуусган ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Монголын нутаг дэвсгэрээр Асгатын ордод шууд хүрэх замтай болсноор нэмэлт хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээс гадна ордын бие даасан байдал, цаашдын хөрөнгө оруулалтын үнэлгээг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.