"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар болон холбогдох албан тушаалтнуудад шалгагдаж буй "Туулын хурдны зам" төслийн санхүүжилттэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар Авлигатай Тэмцэх Газраас (АТГ) мэдээллээ.
АТГ-ын мэдээлснээр, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар нь "Туулын хурдны зам" төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компанид гэрээний урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөгийг олгохдоо баталгаа гаргах эрхгүй этгээдээр баталгаа гаргажуулан шилжүүлсэн нь мөрдөн шалгах явцад тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд АТГ-аас тус хөрөнгийн зарцуулалт, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, Туулын хурдны замын гүйцэтгэгч компани болон арилжааны 14 банканд байршиж байсан 339 тэрбум төгрөгийг царцаан хуулиар хамгаалалтад аваад байна. АТГ-ын эх сурвалжийн мэдээлснээр 500 тэрбум төгрөгийн үлдсэн хэсгийг төслийн тодорхой ажлуудад зарцуулсан эсэхийг үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа аж.
Уг хэрэгт Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатараас гадна холбогдох таван албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.