Украин хамгийн том цохилтоо хийж, Москва руу 600 гаруй дрон илгээжээ
Украин өнгөрсөн шөнө Оросын нутаг дэвсгэрт дайн эхэлснээс хойших хамгийн том дроны довтолгоог явуулсан талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Оросын талын мэдээлснээр агаарын довтолгооноос хамгаалах систем нь 16 бүс нутагт нийт 1336 украин дроныг устгасан бөгөөд энэ нь өнгөрсөн сарын дээд үзүүлэлт болох 1254 дроноос давсан үзүүлэлт болжээ.
Дайралтын үеэр Украин Оросын хувьд стратегийн ач холбогдолтой Крымийн гүүр болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон байна.
Крымийг ОХУ-тай холбодог авто болон төмөр замын энэхүү гүүр нь Ерөнхийлөгч Владимир Путины хэрэгжүүлсэн хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг юм.
Москва орчим руу л гэхэд 600 орчим дрон чиглэсэн бөгөөд үүнээс 191-ийг нийслэл рүү ойртох үед нь устгасан байна.
Мөн дронууд Крымийн хойг, Азовын тэнгис, Хар тэнгисийн бүсэд илэрчээ. Гүүрэнд цохилт өгсөн ч учруулсан хохирол нь харьцангуй бага байжээ.
Засвар хийх хугацаанд авто хөдөлгөөнийг түр зогсоосон ч төмөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Газрын тосны байгууламжуудыг онилов
Дайралтын улмаас Оросын Ростов мужийн Азов хот орчмын дөрвөн үйлдвэрийн байгууламжид гал гарчээ.
Мөн Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүсэд гал гарч, унасан дроны хэлтэрхийнүүдийн улмаас зургаан хүн шархадсан байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Оросын газрын тос боловсруулах байгууламжуудыг системтэйгээр онилж байгаагаа мэдэгдсэн.
Өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ тэрбээр “Оросын нефть боловсруулах хүчин чадлын талаас илүүг ажиллагаагүй болгосон” гэжээ.
Энхийн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй
Энэ халдлага нь өнгөрсөн долоо хоногт Абу Дабид болсон АНУ-ын зуучлалтай энхийн яриа хэлэлцээний дараа болж байгаа нь анхаарал татаж байна.
Түүнчлэн АНУ-ын тусгай төлөөлөгчид Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нартай тус тус уулзсан ч байлдааны ажиллагаа намжаагүй хэвээр байна.
Эх сурвалж: Reuters