Үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгайлсан ээмгээ залгиж, хэргийн ул мөрөө устгахыг завджээ
АНУ-ын Флорида мужийн Орландо хотын үнэт эдлэлийн дэлгүүрээс 769,500 ам.долларын үнэ бүхий алмаазан ээмэг хулгайлсан гэмт этгээд хэргийн нотлох баримтыг устгахын тулд ээмгүүдийг залгисан хэрэгтээ буруутай нь тогтоогджээ. Цагдаагийн автомашины хяналтын камерын бичлэгт түүнийг баривчлах үеэрээ ээмгүүдийг залгихыг оролдож буй нь бичигдсэн байна.
Уг хэрэг Орландо хотын Mall at Millenia худалдааны төвд байрлах тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн Tiffany & Co. дэлгүүрт болжээ.
Сэжигтэн мэргэжлийн сагсан бөмбөгчний өмнөөс үнэт эдлэл худалдан авахаар ирсэн төлөөлөгч хэмээн өөрийгөө танилцуулж, дэлгүүрийн ажилтнуудаар өндөр үнэтэй гоёл чимэглэлүүдийг үзүүлсэн байна. Улмаар хоёр хос алмаазан ээмэг шүүрэн авч, түүнийг зогсоохыг оролдсон ажилтантай хүч хэрэглэн зугтжээ.
Цагдаагийнхан түүний автомашиныг мөрдөн тогтоож, Флорида мужийн Вашингтон тойрогт Interstate 10 хурдны зам дээр зогсоон баривчлах үеэр Гилдер амандаа байх ямар нэгэн зүйлийг залгихыг оролдсон байна. Цагдаа нар түүнийг болиулахыг оролдсон ч ээмгүүдийг залгиж амжжээ.
Түүнийг саатуулсны дараа хийсэн биеийн шинжилгээгээр хоол боловсруулах замд нь хос ээмэг илрүүлсэн байна. Улмаар эмнэлгийн хяналтад байлгаж, хулгайлагдсан үнэт эдлэлүүдийг бараг хоёр долоо хоногийн дараа түүнээс "гарган авчээ".
Эх сурвалж: CNN