Израил улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ

АДМИН
Израил улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. 

Хурлын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөл уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол болон уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Израил улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болох “MASHAV”-ын Ерөнхий захирал Эйнат Шлейн, БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элиав Белоцерковский болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнөөдрийг хүртэл дэлхийн 140 орчим улсад үйл ажиллагаа хэрэгжүүлж, 350 мянга гаруй мэргэжилтнийг сургалт, чадавхжуулах хөтөлбөрт хамруулжээ

1958 онд байгуулагдсан “MASHAV” нь Израил Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хуримтлуулсан мэдлэг, туршлага, инновац, технологийг хөгжиж буй улс орнуудтай хуваалцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Тус байгууллага нь өнөөдрийг хүртэл дэлхийн 140 орчим улсад үйл ажиллагаа хэрэгжүүлж, 350 мянга гаруй мэргэжилтнийг сургалт, чадавхжуулах хөтөлбөрт хамруулсан байна.

Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир COP17-д оролцохоор Монгол Улсыг зорин ирсэн хатагтай Эйнат Шлейн болон Израил Улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас энэхүү хурлыг газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх болон биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай сорилтыг цогцоор нь шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд Монгол Улс COP17-ын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж, тал хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, тогтвортой ашиглалтыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт тавьж байгааг мэдээллээ.

Мөн гадаргын усыг хуримтлуулах замаар экосистемийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргээх, гүний усны хэрэглээг бууруулах зорилготой “333 нуур-сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Энэхүү санаачилга нь усны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн эдийн засаг, иргэд, малчдын амьжиргааг дэмжих чухал ач холбогдолтойг сайд Ц.Сандаг-Очир онцлов.

Хатагтай Эйнат Шлейн Монгол Улсад COP17-ыг амжилттай зохион байгуулж буй Үндэсний хороо болон ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд амжилт хүсээд, тус бага хурлаас цөлжилт, газрын доройтол, ган болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхүйц бодлогын чухал шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “MASHAV”-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох усны менежмент, усалгааны дэвшилтэт технологи, мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах сургалт, судалгаа, инновацын чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.


Түүнчлэн цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Израилын хуримтлуулсан туршлага, технологийг Монгол Улсад нутагшуулах боломжийг судлан хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд усны нөөцийн зохистой менежмент, усалгааны технологи, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг сургалт, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтын ажиллагааг үе шаттай өргөжүүлэхээр харилцан тохиролцов.


Монгол Улс нь COP17-ыг зохион байгуулах замаар олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг газрын доройтол, цөлжилттэй тэмцэх асуудалд хандуулаад зогсохгүй, бодит шийдэл, мэдлэг, технологи, хөрөнгө оруулалт, түншлэлийг нэгтгэсэн урт хугацааны хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд тус улсын “MASHAV” байгууллагын усны менежмент, технологи, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлээр хуримтлуулсан олон жилийн туршлага нь Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах бодлогын зорилттой чухал ач холбогдолтойгоор уялдаж байгаа юм.

Эх сурвалж: БОУАӨЯ



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй