Монгол багш Тайландын гүнжийн нэрэмжит медаль хүртэж, 10 мянган ам.доллараар шагнуулжээ
Тайландын Вант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорнын боловсрол болон багшийн үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, зүтгэл, чин сэтгэлийг хүндэтгэн Маха Чакри Гүнжийн Шагналыг олгодог.
Энэ шагналыг оюутны амьдралыг өөрчилж, нийгэмд бодит нөлөө үзүүлсэн шилдэг багш нарыг алдаршуулж, багшийн мэргэжлийг дэмжих зорилгоор олгодог аж.
Хоёр жил тутамд нэг удаа олгодог энэ шагналыг хүртэгчид бусад багш, сурагчдад туслан хөгжлийг урагшлуулах боломжийг бүрдүүлдэг байна. Тайландын Гүнжийн хэрэгжүүлсэн хөгжлийн төслүүдтэй холбоотой 14 орны багш нарыг сонгон шалгаруулжээ.
Эдгээр орнууд нь Бангладеш, Бутан, Бруней Даруссалам, Камбож, Индонези, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Филиппин, Сингапур, Тимор-Лесте, Вьетнам болон Тайлан юм. Энэ сарын 15-ны өдөр шагнал гардуулах ёслол Тайладны Вант Улсын Бангкок хотод болжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны албан ёсны бичгийн дагуу 2025 онд болох "Маха Чакри Гүнжийн Шагнал"-ын шалгаруулалтад Монгол Улсаас оролцох шилдэг багшийг тодруулах сонгон шалгаруулалт болжээ.
Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын бага, дунд сургууль, мөн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын багш нар дундаас хамгийн шилдэг оролцогчийг сонгосон байна. Боловсролын яамнаас уг шалгаруулалтын талаар олон нийтэд нээлттэй зарлан мэдээлэхийг үүрэг болгосон байна. Энэ дагуу шалгаруулалтын эхний шатны мэдэгдлийг Боловсролын Ерөнхий Газрын албан ёсны Facebook хуудсанд нийтэлжээ.
Монгол Улсын Боловсролын яам Тайландын Вант Улсын “Маха Чакри Гүнжийн Шагналын Сан”-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж байна.
Энэ сан Зүүн Өмнөд Азийн орнуудад боловсрол, хүний хөгжил, болон тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийг хангахад хувь нэмрээ оруулах зорилготой. Энэ жил Монгол Улс боловсрол, хүний хөгжилд болон тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийг хангахад онцгой хувь нэмэр оруулж, амьдрал, ажлын талбарт бодит өөрчлөлт авчирсан нэг багшийг сонгон нэр дэвшүүлэхээр төлөвлөжээ.
АДЬЯСҮРЭНГИЙН УЯНГА
Адьяасүрэнгийн Уянга оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай ажилладаг. Тэрээр 2016 онд “Энэрэл” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд нягтлан бодогчоор ажиллаж эхэлжээ.
“Энэрэл” сургууль нь элсэлтийн шалгалт эсвэл үнэлгээний үр дүнгээс үл хамааран сурах хүсэлтэй бүх оюуны хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг хүлээн авдаг. Тус сургуулийн зорилго нь сурагчдыг мэргэжлийн ур чадвартай болгож, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх юм. Жил бүрийн элсэлтийн тоог бүрэн хангахыг зорьдог байна.
Сургуулийн олон төгсөгч ажилтай болтлоо сургууль, багш нартайгаа нягт холбоотой байсаар байдаг, албан ёсоор суралцаж дууссан ч гэсэн харилцаагаа үргэлжлүүлдэг онцлогтой.
А.Уянга сургуульд ажиллах хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хараад олон удаа сэтгэлээр унаж, гуниглаж байсан гэдгээ дурсжээ. Цаг хугацаа өнгөрөх хэрээр тэрээр эдгээр хүүхдүүдийн онцлог, тулгамдсан асуудлыг илүү гүнзгий ойлгож, сургууль зөвхөн хичээл заахаас гадна сурагчдыг бие даан амьдрах, нийгэмд дасан зохицох, бусадтай харилцах, харилцаа холбооны ур чадвартай болгох бэлтгэл хангах ёстойг ойлгосон байна.
Тэрээр хөгжлийн ялгаатай хүүхдүүд өөрийн бие даасан амьдралтай болж, хөдөлмөр эрхэлж чаддаг гэдгийг нийгэмд ойлгуулахыг зорьж байна. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй олон хүн гадаад төрхөөрөө эрүүл саруул харагддаг, тэдний тулгардаг бэрхшээл бусдын нүдэнд ил харагддаггүй. Иймээс олон нийтэд мэдээлэл түгээж, оюуны хөгжлийн онцлогтой хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлд сургаж, ажиллуулах боломжтой гэдгийг харуулах нь чухал гэж үзжээ.
Тиймээс нийгэмд эдгээр хүүхэд бидний адил хүн гэдгийг ойлгуулахын тулд илүү идэвхтэй ажиллахаар шийдэж, багш болохоор суралцжээ. Одоо сургалтын менежерээр ажиллаж байна.
2023–2025 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 70 сурагч суралцаж байна. Тэдний 70 хувь нь суурь боловсрол эзэмшээгүй, оюуны болон хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан гэр бүлийн асрамж дор гэртээ амьдардаг.
Хоёр жил сургалтад хамрагдсаны дараа ч төгсөгчдийн олонх нь өөрийн онцлогоос шалтгаалан тохирох ажил олоход хүндрэлтэй тулгардаг. А.Уянга эдгээр залуусыг ажлын байртай болгох, бие даан амьдрах чадварыг нь хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирсэн. Тэрээр оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тууштай ажиллаж, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, амьдралд бие даан оролцох чадварыг нь дэмжихэд анхаардаг.
Мөн төгсөгчдийнхөө гэр бүлд “тэд ажил хийж, орлого олж чадна, амьдралын зорилготой байж чадна” гэсэн итгэлийг төрүүлэхийг хүсдэг. А.Уянга багш Глобал Лидершип Их Сургуулийг төгсөж, удирдлагын ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мөн Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиас багш, орчуулагчийн бакалаврын зэрэг авсан байна.
Маха Чакри Гүнжийн Шагнал дараах зүйлсээс бүрддэг:
• Маха Чакри Гүнжийн шагналын медаль
• Алтан хүндэт тэмдэг
• Маха Чакри Гүнжийн өргөмжлөл
• 10 мянган ам.долларын мөнгөн шагнал
• Хүндэт өргөмжлөл
Эх сурвалж: Тайландын Консулын Газар

