Монголын зочид буудлууд дэлхийн захиалгын платформд нэгдэнэ
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон олон улсын захиалгын Trip.com платформын төлөөлөгчид Монголын зочид буудлуудыг дэлхийн зах зээлд сурталчлах, цахим захиалгын системд холбох чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны урилгаар Trip.com компанийн Азийн зах зээл хариуцсан зөвлөх, менежер Дэвид Чао, Монголын зах зээл хариуцсан менежер Мира Чен нар Монголд ажиллаж, аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзсан байна.
Уулзалтад Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Золзаяа, Олон улсын харилцааны менежер Б.Цэцэгмаа болон зочид буудал, жуулчны баазын төлөөлөл оролцжээ.
Талууд Trip.com компанийн олон улсын сүлжээ, захиалгын систем, зах зээлийн мэдээлэл, цахим маркетингийн боломжийг ашиглан Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаадын жуулчдад хүргэх талаар хэлэлцсэн байна.
Одоогоор Монголын 100 зочид буудал Trip.com платформд бүртгэлтэй байгаа бөгөөд цаашид 650 зочид буудлыг нэмж бүртгэх зорилт тавьжээ. Мөн өнгөрсөн онд Монгол Улсаас зочид буудлын захиалга болон хайлтын тоо 90 хувиар өссөн гэж мэдээлсэн байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын зочид буудлуудын олон улсын зах зээлд харагдах байдлыг нэмэгдүүлэх, цахим захиалгын сувгийг өргөжүүлэх, тэр дундаа БНХАУ болон бусад улсын жуулчдад хүрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Талууд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Монголын зочид буудал, жуулчны баазуудыг олон улсын цахим захиалгын зах зээлд холбохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо