367 төрлийн зөвшөөрөлд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавихгүй байхаар системийн тохиргоо хийжээ
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, төрийн шаардлагагүй зохицуулалт, шат дамжлагыг бууруулах ажлыг үргэлжлүүлж байна.
Зөвшөөрлийн зөвлөлийн хоёр дахь хуралдаан аравдугаар сарын 27-нд Эдийн засаг, хөгжлийн яаманд болж, анхдугаар хуралдаанаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцжээ.
Хуралдаанаар танилцуулснаар, Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журмыг батлуулж, шаардлагагүй болсон 44 эрх зүйн актыг хүчингүй болгосон байна. Мөн 54 байгууллагын 367 төрлийн зөвшөөрөлд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавихгүй байхаар системийн тохиргоо хийжээ.
Түүнчлэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 32,358 зөвшөөрөл олгосон бөгөөд иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд, Зөвшөөрлийн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолоор зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр 36 арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 11 арга хэмжээний биелэлт 83 хувьтай байгаа гэлээ.
Цаашид зөвшөөрлийн мэдээллээ системд бүрэн оруулаагүй, цахим нэвтрүүлэлт хийгээгүй эрх бүхий этгээдүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох чиглэл өгсөн байна. Мөн үр ашиггүй, давхардсан, шаардлагагүй зохицуулалтыг бууруулах, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллана гэжээ.