Бразилын ерөнхийлөгчөөр Лула дахин сонгогдлоо
Бразилын зүүний үзэлтэн, туршлагатай улс төрч Луиз Инасиу Лула да Силва ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд барууны Флавио Болсонарог ялж, дөрөв дэх удаагаа төрийн тэргүүнээр сонгогдлоо.
Лула өмнө нь 2003-2010 онд хоёр удаа, мөн 2023 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Сонгуулийн Аравдугаар сарын 4-ний эхний шатанд Болсонаро тэргүүлж байжээ.
Лула гуравхан долоо хоногийн дотор нөхцөл байдлыг өөртөө эргүүлж чадсан бөгөөд олон хүн үүнийг төсөөлөөгүй байв.
Түүний шинэ бүрэн эрхийн хугацаа 2027 оны нэгдүгээр сарын 5-наас эхлэх бөгөөд дотоод, гадаад олон сорилттой нүүр тулах төлөвтэй байна.
Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Бразилыг барууны үзэлтэй удирдагчтай байхыг илүүд үзэж байжээ.
Лула АНУ-ын нөлөөнөөс хараат бус бодлого баримталж, Бразил "хэн нэгний арын хашаа хэзээ ч болохгүй" хэмээн мэдэгджээ.
Сонгогчдын 48 гаруй хувь нь Болсонарог дэмжжээ. Энэ сонгуулийн дүн Бразил улс хуваагдмал хэвээр байгааг харууллаа.
Сонгуулийн өмнө Лула энэ удаагийн санал хураалтыг "Бразилын хувьд салаа зам" хэмээн тодорхойлж, улс төрийн туйлшралыг бууруулж, илүү шударга нийгэм байгуулахаа амлажээ.
Гэвч хуваагдмал парламенттай нөхцөлд эдгээр амлалтыг хэрэгжүүлэх нь өмнөх гурван бүрэн эрхийн хугацаанаас хавьгүй хүнд сорилт болох төлөвтэй байна.