Хил залгаа ОХУ-ын Иркутск мужид Тахал эсэргүүцэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу ажилтан халдварт өвчнөөр нас барж, 190 гаруй хүнийг шуурхай тусгаарлан хянаж байгаа явдал олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Хэдийгээр албан ёсны байгууллагаас "уушгины хүнд хатгалгаа" гэж мэдээлж буй ч био-лабораторийн аюулгүй байдал, халдварын хяналт гэдэг ганцхан секундийн дараа үндэсний аюулгүй байдлын хэмжээний эрсдэл болдгийг энэ тохиолдол сануулж байна.
Яг энэ цаг үед, хил дээр био-аюулын дохио цохиж байхад Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам эсрэгээрээ ҮНДЭСНИЙ БИО-АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮТЭЦ СҮЛЖЭЭГ ХУМИХ аюултай алхам хийхээр зэхэж байна.
95 жилийн түүх ба Биологийн зэвсгийн конвенц:
Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) нь анх 1931 онд "Тарваган тахал эсэргүүцэн судлах лаборатори" нэртэйгээр байгуулагдсан 95 жилийн түүхтэй байгууллага юм. Монгол Улс 1972 онд Биологийн зэвсгийн конвенцод нэгдэн орсноос хойш тус төв нь тарваган тахал, боом, холер, галзуу, хачигт энцефалит зэрэг гоц аюулт халдварт өвчнийг хянаж, улсын био-аюулгүй байдлыг хамгаалж ирсэн.
Био-аюулгүй байдлын "онцгой объект"
ЗӨСҮТ нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс асар ялгаатай үйл ажиллагаатай бөгөөд улсын хэмжээний сүлжээ салбартай, тусгайлан бэлтгэгдсэн био-аюулгүйн тусгай лабораториудтай, гамшиг болон цар тахлын үед ашиглах иж бүрэн хээрийн эмнэлэг, халдвар хамгааллын бодис, тоног төхөөрөмжийн стратегийн нөөцийг хадгалж байдаг олон улсын стандартад нийцсэн улсын онцгой объектуудын нэг юм.
Засгийн газрын тогтоолын дагуу НЭМҮТ болон ЗӨСҮТ-ийг ХӨСҮТ-ийн бүтцэд нэгтгэх яриа идэвхжсэнийг салбарын ахмадууд хүчтэй эсэргүүцэж байна. Энэ хоёр төвийг ХӨСҮТ-д нэгтгэвэл НЭМ-ийн болон зоонозын халдварт өвчнийг тандах, хянах тусгайлсан чиг үүрэг алдагдана. Шуурхай хариу арга хэмжээний нэгдсэн удирдлага суларч, мэргэшсэн хүний нөөцийн бүтэц устах аюултай байна гэж үзэж байна.
Бид Ковид-19 цар тахлын гашуун сургамжийг мартаа юу?
Иркутскийн лабораторид гарсан сэжигтэй тохиолдол нь хөрш орнуудын лабораторийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм ямар эмзэг болохыг харууллаа. Хойт хөршид тусгаарлалт хийж, био-аюулгүй байдалдаа анхаарч байхад Монгол Улс 95 жил босгосон бие даасан био-аюулгүй байдлын бамбайгаа "бүтцийн өөрчлөлт" нэрээр татан буулгах гэж байгаа нь ТӨРИЙН СТРАТЕГИЙН МУНХАГ ШИЙДВЭР үү.
Байгаа юмыг бүтэц нэгтгэл нэрээр буулгах амархан, харин дахин сэргээж, олон улсын хэмжээний био-лаборатори, мэргэшсэн боловсон хүчинтэй болоход асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана. Засгийн газар болон Эрүүл мэндийн яам энэ аюултай шийдвэрээ эргэн харж, улсын аюулгүй байдлын багана болсон байгууллагуудаа татан буулгах биш, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна!
ЗӨСҮТ бол эмнэлгийн орон тоо хэмнэж нэгтгэж салгаж нийлүүлж эсвэл сайд дарга солигдоход албан тушаалын томилгоо хийдэг засаглалын тоглоом биш гэдгийг төгсгөлд нь сануулъя.