Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт өнөөдрөөс хамруулна
Аравдугаар сарын 1-нээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлж байна. Энэ удаагийн үзлэгт нийт 270,689 хүүхэд хамрагдах тооцоолол гарчээ.
Тодруулбал, цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн 6 настай 75,838, зургаадугаар ангийн 11 настай 74,751, есдүгээр ангийн 15 настай 66,502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах юм.
Эдгээр насны хүүхдүүдийг цаашид жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
Харин гурван жилийн өмнө нэгдүгээр ангийн 60 гаруй мянган хүүхдийг нүд, шүд, зүрхний үзлэгт хамруулахад хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал багагүй байгааг илрүүлж байжээ.
Тухайн үеийн үзлэгээр гурван хүүхэд тутмын хоёр нь шүд цооролтой, харин гурван хүүхэд тутмын нэг нь харааны гажигтай болох нь тогтоогдсон байна.
Энэ удаагийн эрт илрүүлгээр хүүхдийн эрүүл мэндийн өөрчлөлтийг насны онцлогт нь тохируулан тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ, зөвлөгөөнд хамруулах боломж бүрдэх юм.