Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад энэ сарын 27-30-нд хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай уулзаж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Тус айлчлал нь Н.Учралын гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлал болж байгаа юм.
Албан ёсны хэлэлцээ эхлэхийн өмнө хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар төслийн “Солилцох ноот бичиг” (E/N)-ийг солилцлоо.
Хэлэлцээний үеэр хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэв.
Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Японы тал Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.
Ерөнхий сайд Н.Учралын айлчлалын хүрээнд Японы парламентын хоёр танхимын дарга нарт бараалхахын зэрэгцээ ЖАЙКА, ЖЕТРО байгууллагын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна.