Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгийг аравдугаар сарын 1-нээс өмнө эхлүүлнэ
Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг 2026-2027 оны хичээлийн жилээс буюу 10 дугаар сарын 1-нээс өмнө улс орон даяар эхлүүлж, хүүхэд багачуудыг үе шаттай хамруулна хэмээн Боловсролын яамнаас мэдээллээ.
Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багшаар бэлтгэлээ.
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээнд чиглэж байгаагаараа онцлог юм.
Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон хараазүй, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ зэрэг үзлэг, тандалтыг хийнэ.