ОЛИМП-ЭВ НЭГДЭЛ 2026” аймаг, дүүргүүдийн Олимпын зөвлөлийн удирдах ажилтны чуулга Чойбалсан хотноо эхэллээ
Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан онцлох арга хэмжээний нэг болох “Спортын алдартан – Бидний бахархал” уулзалт амжилттай зохион байгуулагдаж, өсвөрийн тамирчид өргөнөөр оролцлоо.
Уулзалтад бүх аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн удирдлагууд болон Олимпын наадмын медальтнуудын төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Бээжин-2008” Олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, “Рио-2016” Олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай нар өсвөрийн тамирчидтай уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Тамирчид уулзалтын үеэр спортын замналдаа тулгарч байсан бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулсан туршлага, зорилгодоо хүрэхийн төлөөх хичээл зүтгэл, хөдөлмөрийн үнэ цэнэ болон карьерынхаа торгон мөчүүдийн талаар илэн далангүй хуваалцсан юм.
“ОЛИМП-ЭВ НЭГДЭЛ 2026” чуулга уулзалт Дорнод аймагт 8 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.